О.Дашбалбар – Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг

Танд баяр хүргэе, таалал төгсч байгаад чинь

Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ.

Үхлийн ялгуусан инээмсэглэлийг тосон угтагтун

Үнэндээ уруул нь цэв хүйтэн ч таныг амраана.

Танд баяр хүргэе, нүгэл буянаа шүүлгэж буйд чинь

Тачаал, шуналаас хагацаж, хоосон чанарт алгуурхан

Тааваараа уусан шингэж, огторгуйн биет болон

Таалал төгсөх гэж буйд чинь баяр хүргэе.

Үзэгдэхгүй харагдахгүй болж байгаад чинь баяр хүргэе

Үхэл-мөнхийн анд чинь тосон авч буйд баяр хүргэе.

Олон арван жилийн ял-амьдралыг эдэлж дуусаад

Орон гяндангаас гарах шиг биеэ орхисонд баяр хүргэе.

Одоо таныг хэн ч, хэзээ ч хуурахгүй

Одоо та хэнд ч хэзээ ч гомдохгүй

Одоо та хэнийг ч , хэзээ ч хуурахгүй

Одоо таныг хэн ч , хэзээ ч гомдоохгүй

Одоо та хэзээ ч, хаана ч өвдөхгүй

Одоо та хэзээ ч, хаана ч өвгөрөхгүй

Одоо таныг хэн ч, хэзээ ч өвтгөхгүй

Одоо таныг хэн ч, хэзээ ч өвгөрүүлэхгүй

Одоо та өвдөх биегүй, харах нүдгүй, сонсох чихгүй

Одоо та үнэрлэх хамаргүй, явах хөлгүй, хөдлөх гаргүй

Одоо та хоосон чанарыг олж, хоосныг хэн ч устгахгүй

Одоо та цуурай, зэрэглээ, зүүд, дурсамж болж.

Одоо та сүүлчийн удаа үхэж, эцсийн биеэ гээж байна.

Орчлон дээр олон үхэхээр хэзээ ч, хаана ч төрөхгүй

Одоо та хэзээ ч, хаана ч шаналах зовлон амсахгүй

Одоо та хэзээ ч, хаана ч шатрын нүүдэлд өртөхгүй

Одоо танд дээл хувцас хэзээ ч, хаана ч хэрэггүй

Одоо танд хоол унд хэзээ ч хаана ч хэрэггүй

Одоо танд унаа хүлэг хэзээ ч хаана ч хэрэггүй

Одоо танд эд хогшил хэзээ ч хаана ч хэрэггүй

Одоо танд аав ээж чинь үхэхийн зовлонгүй

Одоо танд алдар нэр чинь сэвтэхийн зовлонгүй

Одоо танд амраглах, янаглах, хардахын зовлонгүй

Одоо танд алуулах, хорлогдох, айхын зовлонгүй

Одоо танд мөнгө төгрөг хэзээ ч, хаана ч хэрэггүй

Одоо танд үхлийг баясгалан төгөлдөр инээмсэглэн тосч

Орчлонг сүүлчийн удаа харах агшин чинь ирлээ.

Танд одоо юу ч хэрэггүй болох цаг яг иржээ

Таавар оньсого мэт үхэлтэй тэврэлдэх мөч ирлээ

Танд одоо баяр хүргэе, үхэл бол ялалт мөн

Танд одоо баяр хүргэе, амьдрал-намгийг туулсанд!

Танд одоо юу ч хэрэггүй болох цаг яг ирлээ

Энэ бол гайхамшиг юм.

Орчлонд заавал нэг юм хэрэгтэй байдаг

Олохын тулд зовдог

Танд одоо хэн ч хэрэггүй болох цаг ирлээ

Энэ бол гайхамшиг юм.

Хорвоод заавал хүн нэг хүнд хэрэг болдог

Холдож чадахгүй дасаад өөрөө зовдог

Одоо та энэ хорвоо дээр хэзээ ч хаана ч уйлахгүй

Одоо таныг хэн ч, хэзээ ч уйлуулж чадахгүй

Одоо та хаана ч, хэзээ ч, хэнд ч баярлахгүй

Одоо та хуурамч цэнгэлийн зовлонг хэзээ ч эдлэхгүй

Урт замыг туулж уулын орой дээр гарчээ.

Уулзах анд Үхэл чинь таныг угтан авах гэж хүлээж буй.

Усыг зэрэглээ гэж эндүүрэн гүйсэн бага насаа гээжээ та

Угтаа амьдрал-зүүднээсээ сэрэх цаг чинь иржээ.

Найранд ирсэн гийчин үдэш оройхон буцахын адил

Нартын цуглаанаас гэрийн зүг-нөгөө ертөнц рүү одогтун!

Мартагдлын хар сүүдэр нөмрөн авахаас бүү айгтун!

Манан замхарч, уулс тодрох адил үхлийг тосогтун!

Хэзээ нэгэн цагт бүх юм танд хэрэгтэй байсан бол

Хэн ч, юу ч хэрэггүй болжээ, энэ бол эрх чөлөө!

Хэзээ нэгэн цагт энэ хорвоод хүлээстэй байсан бол

Хэрчин тасалжээ, хүлээсийг чинь.

Энэ бол эрх чөлөө!

Хэрэгцээ гэдэг шулам таныг дэлхий дээр торлож

Хэдэн арван жил амьдрахдаа эрхшээлд нь чи явсан.

Хэрэгцээ одоо танд хэзээ ч, хаана ч хэрэггүй.

Хэлэх үг, явах зам, хийх ажил чинь дууслаа, баяр хүргэе!

Амьд явах хоногийн чинь тоо дууслаа, найз минь

Амсаж үзэх, унд идээний чинь хэмжээ дууслаа

Амьдралд бүх юм чинь дууслаа, найз минь баяр хүргэе.

Амьсгалын чинь тоо цөөрч байна найз минь баяр хүргэе

Жаран жилийн өмнө та хаана байсан тийшээ одох болно

Жаргал зовлонгоос хагацаж цэвэр хоосонд шилжих боллоо.

Танд баяр хүргэе, таалал төгсөж буйд чинь

Танд баяр хүргэе, тамын зовлонгоос хагацсанд чинь

Одоо та өвлийн хүйтнээс айх аюулгүй болжээ.

Одоо та галын халуунаас айх аюулгүй болжээ.

Одоо танд орох оронгүйн аюул үгүй болжээ.

Орчлон ертөнц өнөөдрөөс таны гэр болно.

Одоо танд ганцаардлын зовлон хэзээ ч үгүй

Одоо танд үхлийн зовлон хэзээ ч, хаана ч үгүй

Олон тэрбум үхэгсдийн араас одох цаг болжээ, та

Олон тэрбум үхэгсдийн зовлонг гэтлэн туулжээ, та

Танд одоо баяр хүргэе, үхлийн давааны оройд гарсанд чинь

Танд одоо баяр хүргэе, амьдрахуйн далайг гаталж чадсанд чинь

Үлдсэн бүх хүн өөрийн чинь араас тэрбум тэрбумаараа гэлдэрнэ.

Үүрд баяртай, диваажингийн хаалган дээр сүүлд уулзъя…