Суварга - Shanti Stupa, Shanti Stupa Road, Leh

С. Мөнхбаяр – Сэрэмжийн хаялага

Аминчхан Би-гийн тулган дээр
Андуу мунхагийн тогоо тавиад
Арвинг хүссэн шуналын хүнсийг
Асгаран дэврэх уураар буцалгамуй.

Аяа энэ хилэнцэт идээг
Ариун хэмээн эндүүрэн зоогловоос
Арван хар нүглээ хүлэглэн
Аймшигт хэрцгий зовлон уруу давхимуй.

Аяа тэр хүлэгний хурдныг яана
Амыг нь татахад бэрхтэйг яана
Ангархай жалга ойртсоныг яана
Ам нь хүчрэгдэхгүй орчих вий дээ.

Аяа тэр жалган дотор
Асан дүрэлзэх халуун зовлон
Агчин жихүүцэх хүйтэн зовлон
Аль аль нь байгааг санагтун !!!

Аюулт зовлонг эс хүсвээс
Аминчхан бодлоо тас огтол
Андуу мунхагаа билигээр соль
Атгаг шуналаа ханамжаар соль
Ассан уураа хүлцлээр соль
Атгасан хармаа өглөгөөр соль
Атаа жөтөөт сэтгэлээ даган баяслаар сольж
Омгийн галаа номын рашаанаар сүрчин унтрааж чадах аваас аймшигт зовлонгийн жалгыг тойроод гарах билиг ухаан тодрон тодорсоор ашдын гэгээрлийн замд бодийн гэрэл болж амгалан хоосны агаарт гэгээн оршихуйд нэвтрэн илбийн биеэр цэнгэн бүжиж төгс жаргалангийн далайд аялан бурхан болж гэгээрмүй.