Эрдэнэ Зуу хийд дэх суварга

С. Мөнхбаяр – Хос сургаал

Урин шуналын галаар
Ухаан бодол шалзарна
Ухамсар оюуны гэрлээр
Ундуй мунхаг замхарна

Бэртэгчин сэтгэлийн бачаар
Би-гийн үзэл бэхлэгдэнэ
Билиг ухааны илдээр
Би үгүйг ононо

Сэжгийн ярвагар зангаар
Сэрэхүй ухамсар арчигдана
Сэтгэлийн галын илчээр
Сэдлийн хүйтэн арилна

Алдаж гээгдэшгүй атаархлаар
Ашдын зам торлогдно
Авах гээхийн ухаанаар
Андуу ташаа ангилагдна

Хилэнт догшин авираар
Хигжүүрхэх дайсан олширно
Хиргүй тунгалаг билгээр
Хэтийн зоригдол тодроно

Ээдэж гашилсан харигслаар
Энэ хойт хөгзөрнө
Энэрэл хайрийн сэтгэлээр
Эцэс төгсгөлгүй жаргана

Богинохон бодлын бүчээр
Богтлож өөрийгөө дөнгөлнө
Бодийн сэтгэлийн ачаар
Бурхны хутгийг олно

Ичгүүр сонжуургүйн балгаар
Илбийн амьдралд сойгдоно
Илд шиг хурц билгээр
Илбийн биеийг танина

Гэмтэй сэтгэлийн бохироор
Гэгээрлийн зам бүдгэрнэ
Гэрэлтсэн билгийн гэрлээр
Гэгээн оршихуйд нэвтэрнэ

Хорголон бүгсэн бодлоор
Хорвоогийн зовлонд хучигдана
Хоосон чанарын ухаанаар
Хосгүй гэгээрэлд хүрнэ