Гомбо

Эцэг богд Махагала

Ноён хутагт Д. Данзанравжаагийн айлдсан тамхи татахыг хориглосон шүлэг

Эцэг богд Махагала
Эгээрлийг хангагч Римади минь
Эрхэм гэрч болон зохио
Энэ дууг ажиглалтай
Хар элэгт шулмын ерөөлөөр
Хавьтсан бүхнээ бузарлагч
Хар хор мэт тамхийг тэвчихийг
Хамаг амьтнаас гуйна би чинь
Эм шулмын цуснаас бүтсэн
Элэг буруут бузар утааг
Энэ насандаа татсан амьтан
Элмэрэх зуурдад төөрөлдөнө
Арван зүгийн бодьсад нар
Аливаа бүхэн гуйсаар байтал
Амь зуулганд нэмэр үгүй
Адаг тамхийг тэвчихгүй нь юу вэ
Ялангуяа егүзэр надад
Ямагт сүжгээр мөргөгчид
Эрхгүй тамхиа эс тэвчвээс
Үүнээс хойш учрахгүй болтугай
Халамжтай үг тэр бүгдийг
Хадгалан эс чадавч
Хар хор мэт тамхийг тэвчвэл
Хагацалгүй учрах болтугай
Гайхамшигт Римадийн ачаар
Гайхал тамхинаас салсан амьтан
Галсан санжай дон*гийн галбад
Насад тангараг ариун болтугай.

*Элмэрэх зуурдад төөрөлдөнө-Хүн насан нөхцсөнөөс дараагийн төрөлд шилжих 49 хоногийг Бардо буюу зуурдын үе гэх ба зуурдад эдлэх гол гурван зовлонгийн нэг болох төөрч будилахын зовлонг тамхи татдаг хүн илүүтэй амсана гэдгийг ноён хутагт хэлжээ.

*Үүнээс хойш учрахгүй болтугай-ноён хутагтын шавь эсвээс түүнд сүжиглэдэг атлаа тамхи татагч хэн бүхэн анхаармаар.

*Галсан санжай дон-Сайн цагийн мянган бурхан