Жанрайсэг Жанрайсиг

Үйлт орчлон хэзээд оршивч

Үйлт орчлон хэзээд оршивч
Үгүйрч гансралгүй хамаг амьтан
Үлэмжийн дээд амар амгаланг
Үргэлж тасралтгүй эдлэх болтугай.

Энгүй уужим ертөнц даянаа
Эвэршээлт там хэдий буйд
Энэлэн зовогч хөөрхий амьтас
Энхжин жаргалд умбах болтугай.

Ариун сэтгэлт бурхны хөвгүүд
Амьтны тусыг сэтгэлчлэн бүтээг.
Аврал болсон гэгээн Бурхад
Амар жаргалыг бүгдэд түгээг.

Аливаа амьтад зовлонгүй бөгөөд,
Айдас доромжлолыг амсалгүй байж,
Аюулт өвчин, хилэнцээс ангид
Ашид сэтгэл тэнүүн явтугай.

Адгуус амьтад бие биенээ
Алан идэхийн аюул төгс,
Ахуй чинээлэг умард тивийнхэн шиг
Алжаалж ядрагсад жаргах болтугай.

Аливаа зовлонг анагаах эм
Амар амгалан бүхний ундрага
Ариуслын шашин даянд хүндлэгдэж,
Ашдын цогоор дэлгэрэх болтугай.

Огторгуй хэзээд орших сацуу
Орчлонд амьтад эргэн төрсөөр л.
Төдий хугацаанд би ч оршоод
Төөрөлдсөн тэдний замч нь болог.

Зүг бүхэнд бие, сэтгэлийн
Зүдүүр зовлон эдлэгч хөөрхийс
Зүй төгс буяны минь үрээр
Зүйрлэшгүй жаргаланг олох болтугай.

Эл бүхий миний буянаар
Эх болсон хамаг амьтан
Эндэл хилэнцийг огоот тэвчээд,
Эгнэгт сайныг үйлдэх болтугай.