“ME Right Зөвлөцгөөе” үйлчилгээ

“ME Right Зөвлөцгөөе” үйлчилгээг манай цахим хуудсаар зочлогч танд зориулан хүргэж байна.

Эхлэл болгон нэгэн үйл явдлыг товчхон дурдъя. Миний бие 2019 оны намар “A***” нэртэй зоогийн газар үйлчлүүлж байхад нэгэн хижээл насны эр надаас зөвшөөрөл аван миний өөдөөс харан сууж хамт хооллосон билээ. Бид хоёр танилцаж, янз бүрийн зүйл ярилцаж мэдээлэл солилцсон бөгөөд тэр дунд надаас “Манай охин хүмүүст зориулж нэгэн ном гаргасан бөгөөд уг номыг гадны орны хүмүүст зориулж гаргах уу ? Эсвэл монголчуудад зориулж гаргах уу ? Аль нь зөв бэ ?” гэж асуусан юм. Харин би тэр асуултанд нь “Мэдэхгүй” гэж хариулсан юм даа. Хэхэ. “Мэдэхгүй” гэж хариулсаны учир нь түүнийг нь би мэдэхгүйдээ гол шалтгаан нь бус тухайн хүний асуудлыг нь сонирхож авч үзээгүйтэй холбоотой юм. Мэдээж тухайн номон дотор яг юу өгүүлж буй ? Хэнд зориулж бичсэн бэ ? Тухайн номыг бичсэний зорилго нь юу вэ ? Номыг уншсан хүнд ямар үр нөлөөтэй вэ ? Ямар үр дүн гарах вэ ? гэх мэтчилэн тодорхой нарийвчилсан мэдээллийг авсан бол мөхөс миний бие одоо байгаа мэдээлэл дээр авч үзэхэд гадны орны хүмүүст зориулж гаргасан дээр, эсвэл монголчуудад зориулж гаргасан дээр гэж хариулт өгч уг нь чадах л байсан биз.

Энэ үйл явдлаас санаа аван мөхөс миний бие зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шийдсэн билээ. Танд гэр бүлийн, ахуй амьдралын, ажил төрлийн, шашин номын гэх мэт амьдралд тохиолдсон янз бүрийн асуудлууд байх аваас тэдгээр зүйлстэй холбогдуулан шийдвэр гаргахад зориулан зөв зам уруу чиглүүлэн зөвлөгөө өгөх үйлчилгээг санал болгож байна. Гэхдээ онцлон дурдаж хэлэхэд энэхүү зөвлөх үйлчилгээ маань бусад зөвлөх үйлчилгээ үзүүлэгчдийнх шиг аль нэг салбарт мэргэшсэн төрлийн зөвлөх үйлчилгээ биш юм шүү. Тиймээс таны асуух гэж буй зүйлийн хамрах салбарыг гүнзгий түвшинд мэдэх мэргэшсэн чадвар байхгүй байж болох учир иймэрхүү ахисан түвшний зөвлөгөөг тухайн салбарын мэргэжлийн хүмүүст нь хандсан нь зүйтэй гэдгийг хэлмээр байна. Мөн хосууд болон хүүхэд өсгөн хүмүүжүүлэх талаар ямар нэгэн зөвлөгөө өгөхгүй болохыг анхаарна уу. Зөвлөгөөний үеэр зөвхөн зөвлөгөө авч буй талын асуудлууд яригдах бөгөөд зөвлөгөө үзүүлэгч талын зөвлөгөөтэй хамааралгүй хувийн асуудлуудыг ярилцахгүй болохыг тэмдэглэн хэлье.

Зөвлөгөө авахыг хүссэн хэн ч бай “ME Right Зөвлөцгөөе” фейсбүүк хуудас уруу зурвас илгээж эсвэл 98637980 дугаар уруу залган утсаар цаг товлоод, товлосон цагтаа Фейсбүүк Мессенжер /Facebook Messenger – Temuujin AB/, Гүүгл Хайнгаутс /Google Hangouts – Temuujin Ariunbold/, эсвэл Скайп /Skype – Temuujin AB/ ашиглан над уруу видео дуудлага хийж Тэмүүжин надтай ярилцан зөвлөгөө авах боломжтой юм. Шаардлагатай бол биечлэн уулзаж зөвлөгөө өгч болно. Мөхөс миний бие өөрийн мэдэх чадах, сурсан мэдсэн бүх зүйлээрээ танд зөвлөгөө өгөхөд бэлэн байна. Миний зүгээс танд хэлж чадах зүйл бол “Зөв юм ярина” гэсэн зөвлөх үйлчилгээний тодотгол билээ. Гэхдээ мэдээж харилцан ярилцаж буй зочин маань өөрт тулгарсан асуудлын талаар хангалттай мэдээлэл өгөх хэрэгтэй юм. Тулгарсан асуудлын талаар хангалттай мэдээлэлтэй байж гэмээнэ зөв зам уруу хөтлөх зөвлөгөөг өгч чадах билээ. Мэдээлэл хангалтгүйгээс үүдэн зөв биш зөвлөгөө өгсөн тохиолдолд үүнд миний бие хариуцлага хүлээхгүй болохоо энд бас дурдсан нь зүйтэй. Иймд зөвлөгөө авахаас өмнө зочин маань өөрт тулгарсан асуудалтай холбогдуулан заавал дурдаж хэлэх шаардлагатай зүйлсээ урьдчилан тэмдэглээд түүнийгээ харилцан ярианы үеэр надад ойлгуулах шаардлагатай юм шүү.

Хэрэв зочин өөрийн яриаг подкаст болгохыг зөвшөөрвөл зөвлөгөө өгч буй харилцан яриагаа подкаст болгон интернетэд байршуулах юм. Шаардлагатай бол зочны хүсэлтээр зөвлөгөө өгөх үед дурдагдсан хүмүүсийн нэрсийг хасч подкастын ярианд сонсогдохгүй болгож болно. Мэдээж зохиогчийн эрх зөвлөх үйлчилгээ үзүүлж буй талд үлдэх болно. Подкаст хийхийг зөвшөөрсөн тохиолдолд миний бие Фейсбүүк Мессенжер, Гүүгл Хайнгаутс болон Скайп хэрэглэхийн оронд https://anchor.fm платформыг үйлчлүүлэгчдээ санал болгож байна. Үүнийг ашиглан подкастыг тун хялбархан хийх боломжтой юм.

Мөн тухайн зөвлөгөөтэй холбогдуулан гарсан үр дагавар, үйлчлүүлэгчийн цаашдын хийсэн зүйл, түүний үр дүнгийн талаар үйлчлүүлэгчийн сэтгэгдлийг түүний зөвшөөрлөөр авч уг цахим хуудсанд байршуулах юм.

Зөвлөх үйлчилгээг одоогоор ямар нэгэн төлбөр, хураамжгүйгээр хүргэхийг зорьж байна. Гэхдээ бид үйл ажиллагаандаа хандив хүсдэг бөгөөд ME брендийн үйл ажиллагааг дэмжсэн хандив өргөхөд хэзээд нээлттэй юм.

Зөвлөх үйлчилгээ авах гэж буй танд баярлалаа. Амжилт хүсье !